УИХ-ын намрын чуулганы эхний хуралдаан өчигдөр болж, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. Бараг л буцаагдах шахав, энэ хууль.

Ц.Даваасүрэн нарын цөөнгүй гишүүд эсэргүүцэж буйгаа илэрхийлж, зарим нь бөөрөнхий байр суурь хэлсэн ч эцэстээ дэмжигдсэн. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нар өргөн барьсан нь анхаарал татна.

Х.Ганхуяг

Х.Булгантуяа

П.Анужин

Д.Өнөрболор

Монголд хамгийн багадаа 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн л бол тухайн этгээдэд гэр бүлийн хамт Монголд хувийн хэргээр орших суух зөвшөөрөл олгох зохицуулалттай болгож буй. 50 мянган ам.доллар гэдэг 150 сая төгрөг.

НЭГ: 100 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН БОСГЫГ ТЭГЛЭХ

Энд ерөөс хөрөнгө оруулалтын тухай хуулийн хоёр зүйл заалтыг л өөрчлөн найруулах асуудал яригдаж байгаа юм. Нэг нь, “Гадаадын хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх вэ?” гэсэн агуулга дээр. Нөгөө нь “Гадаадын хөрөнгө оруулагч Монголд оршин суух зөвшөөрлөө хэрхэн авах вэ?”.

Эхнийх нь одоогийн хуулиар “…хөрөнгө оруулсан хэмжээ нь 100 мянган ам.доллар буюу түүнээс дээш байх…” гэж тодорхойлогдсон байгаа. Тэгвэл нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөлд 100 мянган ам.доллар гэдэг агуулгыг бүр хасаж, оронд нь “…хоёроос дээш ажлын байр бий болгосон, ААНОАТ болон бусад татвар төлөгчийг…” болгож өөрчлөх аж.

100 мянган ам.доллар гэдэг нь 300 сая орчим төгрөг. Уламжлалт сэтгэлгээгээр бол гадаадын хөрөнгө оруулалт гэхээргүй бага дүн мэт олон нийтэд бууна. Тэгвэл энэ босгыг тэглэж, оронд нь “ААНОАТ төлөгч байх” гээд заачихвал хөрөнгө оруулагчдыг татна гэж тооцжээ.

Г.Амартүвшин гишүүний хэлснээр ихэнх орнуудад ийм босго байдаггүй гэнэ. Иймд манай компаниудад хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчдын тоо сүүлийн жилүүдэд тогтмол буурсан нь энэ “100 мянган ам.доллар” гэдэг босгоос шалтгаалсан гэж хууль санаачлагчид үзжээ.

ХОЁР: 150 САЯЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН БОЛ ОРШИН СУУХ ВИЗ ОЛГОХ

Хоёр дахь нь буюу гадаадын хөрөнгө оруулагч Монгол Улсад оршин суух эрх авах тухайдах нэмэлт өөрчлөлт нь хамгийн их маргаан дагуулсан.

Тодруулбал, одоо хэрэгжиж буй хуульд “…холбогдох хууль тогтоомжийн дагуу олгоно…” гэж заасан байдаг. Тэгвэл үүнийг “…50 мянган ам.доллар буюу түүнээс дээш хэмжээгээр хөрөнгө оруулсан бол олгоно…” гэж өөрчлөх аж.

Үүнээс Ц.Даваасүрэн гишүүний хэлдэг “Нэг байшин юм уу үнэтэйхэн шиг автомашин үзүүлээд л виз авчих юм байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал шүү” гэх өнцөг ургаж буй. Харин Т.Доржханд гишүүний хувьд “Юм л бол хятадууд орж ирнэ гэж дэмий зүйл ярьдгаа больё. Энэ хуулийг дэмжье” гэх агуулгаар дуугарсан юм.

Хууль санаачлагчдаас яг үүн дээр тодорхой тайлбар хэлээгүй. Ямартай ч хөрөнгө оруулагчид эндээ, гэр бүлээрээ амьдрах боломжтой тохиолдолд илүү таатай нөхцөлөөр хамтран ажиллаж, цаг заваа бүрэн зориулахыг хүснэ л гэж харсан бололтой.